ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2-р чуулган та бидний зорьж нэгдэж хийж буй ажлууд хилийн чанадад суугаа олон олон Монголчуудын хувьд ямар их хэрэгцээ шаардлага болж буйг тодоор харуулсан төдийгүй хамрах хүрээ нь улам өргөжин тэлж буй тул цаашид зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, хамтын хүчээр ажиллаж, үйл ажиллагаагаа бүрээс үр дүн гаргасан нэгдэл болох өндөр сорилт үүсэн гарч буй билээ. 

Иймд чуулганы үеэр яригдсан нэгэн томоохон салбар болох нийгмийн бодлогын хороо шинээр үүсгэн байгуулах, нээлттэй байгаа олон цогц ажлуудыг эхлүүлэх байсан тул Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс энэхүү хороог албан ёсоор үүсгэн байгуулж буйг үүгээр сонордуулж байна.

Тус хороог үүсгэн байгуулж, бүрдүүлэх, хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гаргах, удирдан ажиллах үүргийг зөвлөлийн үүсгэн байгуулагч нарын нэг, хоёрдугаар чуулганы нийгмийн салбар хуралдааныг ахлан ажилласан Н.Номун-Эрдэнэд хариуцсан бөгөөд тус хорооны зорилго чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Энэхүү салбар нь өнөөгийн нөхцөлд нэн шаардагатай байдлыг харгалзан байгуулж буй бөгөөд цаашид тус хороог үндсэн чиглэлийн хороо болгон өргөжүүлэх, зохих журмын хүрээнд зөвлөлийн дүрэмд харгалзах өөрчлөлтийг оруулан ажиллахаа уламжлахын ялдамд та бүхнийг энэ хариуцлагатай салбарт хүч, нөөц бололцоогоо дайчлан хамтран ажиллахыг урьж байна.

Гүнээ хүндэтгэсэн
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин

 

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын дэргэдэх

“Нийгмийн бодлогын хороо”- ны

үйл ерөнхий ажиллагааны чиглэл,бүтэц, дотоод журам

 

“Нийгмийн бодлогын хороо”- нь Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

“Нийгмийн бодлогын хороо”-ны үйл ажиллагааны ерөнхий чиглэл

  • ХЧМЗ-ийн зүгээс хилийн чанадад амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх ашгийг хамгаалах чиглэлээр явуулах бодлого үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох
  • Хилийн чанадад амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ХНХЯ , БСШУЯ,ХЗДХЯ гэх зэрэг холбогдох шатны төрийн байгууллагуудтай ХЧМЗ-ийн албан ёсны төлөөлөл болон харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Хилийн чанадад амьдарч буй иргэдийн төрийн сонгуульд оролцох идэвхийг сайжруулах чиглэлд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах
  • Хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн гарын авлага бэлтгэх, нийтлэг тавигддаг асуудлаар мэдээллийн булан үүсгэх
  • Эх орондоо болон хилийн чанадад шилжин суурьших иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийн бодлого боловсруулах, арга хэмжээг зохион байгуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Дипломат төлөөлөгчдийн газрууд болон ажилтнуудын талаарх иргэдээс авсан баримт бүхий санал, гомдол, судалгаанд үндэслэсэн дүгнэлт мэдээлэл боловсруулах, ХЧМЗ-ийн УЗ-д хүргүүлэх.
  • Эрх нь зөрчигдсөн иргэд болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн санал хүсэлтийг хүлээн шаардлагатай нөхцөлд туслах,холбогдох газруудад уламжлах

“Нийгмийн бодлогын хороо”-ны бүтэц 

  • Хорооны дарга, зохицуулагч, гишүүд гэсэн бүтэцтэй байна.
  • Хорооны дарга нь Нийгмийн бодлогын хороог ахлан ажиллана.
  • Зохицуулагчийг Хорооны дарга шууд томилно. Зохицуулагч нь хорооны гишүүдийн харилцан уялдааг хангаж, дотоод үйл ажиллагааг чиглүүлэхэд туслах үүрэгтэй ажиллана.

Гишүүд

  • Олон нийттэй харилцах ажил хариуцсан гишүүн
  • Хяналт, үнэлгээ хариуцсан гишүүн
  • Мэдээллийн сан бүрдүүлэлт ажил хариуцсан гишүүн гэх мэтээр ажлын хуваарилалт хийж болно.

“Нийгмийн бодлогын хороо”-ны дотоод журам.

  • ХЧМЗ-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.
  • Хувь хүний болон албан байгууллагад холбоотой мэдээллийг шаардлагатай нөхцөлд хадгална.
  • Үйл ажиллагаагаа гишүүдийн гаргасан санал, санаачилгын үндсэн дээр явуулна.
  • Хорооны үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.
  • Хорооны гишүүнээр ажиллах санал гаргах нээлттэй.

БоловсруулсанН.Номун-Эрдэнэ

2016 оны 9 сарын 19-ны өдөр